Өмнөговь-Хонгорын элс
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргүйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна
Өмнөговь-Хонгорын элс
Өндөр уулын оройд мацан мацан гарвал
Өөр нэгэн уулыг олж хардаг жамтай
Говь гурван сайхан-Ёлын амны хойд тал, хөндий
П.БАДАРЧ : ИХ САЙХАН, ГУРВАН САЙХАН ХӨХ УУЛ
Сургуулийн багахан насандаа юмсан
Шүлэг номд дурласан үесэн
Цэлгэр талаар зам алсарч
Хөнгөн тэрэг түүгээр довтлон
Цэнхэртэх гурван уулсыг зорьсон
Гоё сайхан зурагтай, Лхамсүрэн гуайнхаа
«Говь гурван сайхан» номыг
Амтархан уншиж Довчинтойгоо булаацалдан
Алсын дуртгал өнөөдөр сэргэв
Бага насны дэврүүхэн бодол
Баянхан бардамхан ч байж дээ
Тэр гурван хөх уулсыг үзэхсэн гэж
Тэгэхэд миний сэтгэл мөрөөдөн явжээ
Намайг тэр хүсэл өнөөдөр л гүйцэж
Найрагчид онгод хайрласан гурван хөх ууланд ирлээ
Тэртээ багын минь хүслийг татсан гайхамшиг
Тэнгэрийн юм шиг «гурван сайхаан» та сайн байна уу,
Талын хүн гэж битгий бишүүрхээрэй
Та минь надад онгод хайрлаарай.
Буурал найрагчийн хүрэн моринд сундлалдаж өссөн
Буянтай жаалуудын нь л нэг ирлээ шүү дээ
Алсын уулс л цэнхэрлэн байдаг бус уу
Аяа тэгтэл таны хормойд ирэхэд
Тэнгэрийн юм шиг, тэнгэрийн уул шиг
Цэнхэртээд л цэнхэр уул юмаа даа та
Оройн наран жаргахад Хэрлэн голоос харанхуй
Олон цэнхэр уулс баруун зүг давхарлан
Тэнгэрийн хаяа цаана нь бас цэнхэрлэдэгсэн
Тэр цэнхэр хаяа та байсан байх нь ээ
Дэргэд чинь ирлээ, цэнхэрлээд л байх юм
Дээд, тэнгэрийн хаяа мөнөөсөө мөндөө
Оройд чинь гарахуй зүүн зүг цэнхэрлэлээ
Одоо л би учрыг ойлголоо уул минь
Эх орны минь хаяа цэнхэр байдаг байна
Эгэлхэн надад та тэнгэрийн хаяа байна
Хонгор, багахан насандаасан бол
Хормойд чинь сууж гэрээ санан уйлмаар,
Хожуу болсон гучин насандаа өнөө
Хонгор сайхан ханиан санан уярмаар
Элэг зүрхэнд мөнх хайрлагдах
Эх орны минь хаяа хязгаарын нэгэн
Их сайхаан, гурван сайхан
Гурван хөх уул та энх орштугай.