2009-Oct-3
Дэлхий нийтийн анхааралд...



2009 оны наймдугаар сар Мексикийн бага хурал.

Эрхэмсэг хүндэт зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, илтгэл тавихаар хүрэлцэн ирсэн болон бага хуралд оролцож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Санаа зовниж явдаг дэлхийн иргэн хүнийхээ хувьд би  та бүхэнтэй мэндчилж байна. Хүн төрөлхтний хайрт гэр болсон үзэсгэлэнт, сайхан гаригийнхаа сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ нээн, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд би мэхийн ёсолъё. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан дэлхийн дулаарлын тулгамдсан асуудалд анхаарал хандуулж, Мексикийн Веракруз хотноо энэ бага хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаад би гүнээ талархаж байна. Энэхүү үзэгдлийн уршгаар зуу зуун мянган хүмүүс харамсалтайгаар амиа алдаж, зуу зуун сая хүмүүсийн амьдралд нөлөөлсөн бөгөөд үүнд амьтдын төрөл зүйлийг оруулаагүй болно.


Энэхүү бага хурлын ачаар хүмүүсийн ухамсар дээшилж, бидний цаг үед улс орнуудын өмнө тулгараад буй хамгийн ноцтой асуудлыг шийдэхэд урам зориг өгнө гэж би найдаж байна. Өнөөдөр энд дамжуулах мэдээлэл, хийгдэж буй эрхэм ажлууд нь туйлын чухал ач холбогдолтой юм. Бусдын сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулж байдаг та нар шиг хүмүүстэй нэг гариг дээр хамт амьдарч байгаа нь миний хувьд нэр хүндийн хэрэг билээ. Цаг уурын өөрчлөлт бол сэтгэл түгшээсэн асуудал гэдгийг бид бүхэн мэднэ шүү дээ. Цаг агаарын өөрчлөлт гэж юу болохыг хүн бүр л ойлгож байгаа. Манай гаригийн өнөөгийн эгзэгтэй байдлыг шийдэхэд хүн нэг бүрийн зүгээс яаралтай ухаалаг алхамыг хийх шаардагатай байна. Өнөөдрийн бага хуралд дурьдагдах бүх мэдээллийг анхааралдаа авч түүнийгээ хаа сайгүй түгээж эх дэлхийгээ мөхлөөс аврахыг би та бүхнээс хүсэж байна. Энэ тохиолыг ашиглан би та бүхэнд цаашид юмс яаж хурдацтай өрнөх талаар ерөнхий мэдээллийг хүргэе. Гэхдээ та нарын зарим, эсвэл бүр олонхи нь хэдийнээ мэдэж байж ч болох юм.

Хурдацтай өрнөл.
Цаг агаарын өөрчлөлтийн үйл явц НҮБ –ын засгийн газар хоорондын уур амьсгалын өөрчлөлтийг судлах шинжээчдийн багийн загварчилсан хамгийн муу дүр зургаас ч дор байгаа бөгөөд салхи шуурга, үер, ган гачиг, хэт халах гэх мэт байгалийн ширүүн үзэгдлүүдийн давтамж ихэсч, хор хохирол, сүйрлийг олонтаа учруулсаар байна. Бид хүлэмжийн хийн ялгаралтыг багасгаж чадлаа ч дэлхийн агаар мандалд хуримтлагдсан хийнээс ангижрахад цаг хугацаа шаардагдана. Тиймээс л бид богино хугацаанд сарнидаг хийнүүд буюу голчилбол метан хийд анхаарлаа хандуулах шаардлагатай. 20 жилээр тооцож үзэхэд Метан хий дулааруулах нөлөөгөөрөө нүүрс хүчлийн хийнээс 72 дахин их. Метаны хамгийн том эх үүсвэр бол мал аж ахуй бөгөөд дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг болж байгаа учраас үүнийг заавал зогсоох хэрэгтэй. Гэхдээ юун түрүүнд цаг уурын өөрчлөлт хүн болоод амьтны амь амьдралд ямар нөлөө үзүүлж байгаа талаар сүүлийн үеийн баримтаас та бүхэнтэй хуваалцахыг зөвшөөрнө үү?

1. Умард туйл хайлж байна.

Эхнийх нь хайлж буй умард туйл. Арктик буюу умард туйлын мөс 2012 он гэхэд, өөрөөр хэлбэл ЗХУАӨС тооцоолсноос 70 жилийн өмнө хайлж дуусах магадлалтай байна. Нарны туяаны дулааныг ойлгох хамгаалалтын мөсөн бүрхүүлгүй болчихвол нарны дулааны 90% далайд шууд шингэж улмаар дэлхийн дулаарлын явцыг улам түргэтгэх болно. Умард туйлын мөсөн бүрхүүлд гарч буй өөрчлөлт нь маш их бөгөөд цаг агаар судлаачдын хэлж байгаагаас үзвэл одоо нийт мөсөн бүрхүүлийн 10% нь хуучин зузаан, харин үлдсэн 90% гаруй хувь шинээр бүрэлдсэн нимгэн мөснөөс бүрдэж байгааг тогтоожээ. Бас нэг өөрчлөлт бол ердийн үед метан хийг хадгалж байдаг мөнх цэвдэгшилтэй газарууд хайлж буй явдал болно. Ойрын жилүүдэд мөнх цэвдэгийн давхарга хайлснаас метан хий агаар мандалд тархаж 2004 оноос хойш агаар мандал дахь метан хийн агууламжыг огцом нэмэгдүүлсэн. Дулаарах үйл явц цаашид үргэлжилж, дэлхийн дулаан 2 хэмээр нэмэгдвэл олон тэрбум тонн метан хий агаар мандалд дэгдэн гарч энэ гариг дээрх үй олон амьтдыг мөхөөх болно. Грийнлэнд болон хойд туйлын аварга том мөсөн бүрхүүлүүд үргэлжлэн хайлсаар байвал үүнийг дагалдаад далайн түвшин урьд хойчид байгаагүйгээр нэмэгдэж, хүчирхэг салхи шуурга дэгдэх болно. Баруун Антарктикийн мөс бүхэлдээ хайлсан тохиолдолд далайн усны түвшин дунджаар 3.3, ээс 3.5 метрээр нэмэгдэж далайн эргээс 320 км радиус дотор сууршисан 3.2 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын тал хувийг гамшигт нэрвэгдүүлэх юм. АНУ –ын Цас Мөсний мэдээллийн Үндэсний Төвийн эрдэмтдийн хэлж байгаас үзвэл хэрвээ Антарктикийн мөс бүхэлдээ хайлбал далайн түвшин тооцоолж байснаас хамаагүй илүүгээр нэмэгдэх аж. 70 метр хүртэл нэмэгдэх боломжтой гэж зарим эрдэмтэд үзэж байгаа нь дэлхийн бүх амьд оршнолд үхлийн аюултай гэсэн үг.

2. Далайд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд.

Дараагийн асуудал бол далайн усанд живж буй газрууд болон цаг уурын дүрвэгсэд юм. Яг одоогийн байдлаар дэлхийн дээр 18 арал далайд бүрэн живээд байгаа бөгөөд өөр 40 гаруй аралын улс орнууд нэмэгдэж буй далайн усанд живэх аюул нүүрлэж байна. Шилжилт, нүүдэл хариуцсан олон улсын байгууллагаас гаргасан мэдэгдэлд 2050 он гэхэд цаг уурын дүрвэгсэдийн тоо 200 саяд, эсвэл бүр 1 тэрбумд хүрч магадгүй гэжээ. Энэ бүхэн биднийг амьд байхад тохиолдож болзошгүй байна. Эдгээр хүмүүс бол нэмэгдэж буй далайн уснаас зугтан арал, далайн эрэг дахь гэр орноо орхин дүрвэхэд хүрсэн хүмүүс бөгөөд хайлсан мөнх цэвдэг бүхэл бүтэн нийгэм, улс орныг живүүлэн, сүйрүүлж байна.

3. Татарч буй мөсөн голууд ба Усны хомсдол
Бидэнд тулгараад байгаа дараагийн асуудал бол хайлж ширгэж буй мөсөн голууд ба усны хомсдол юм. Манай гариг дээрх мөсөн голуудын олонхи нь хэдэн арван жилийн дотор ширгэж үгүй болох агаад 2 тэрбум орчим хүмүүсийн амь амьдралд аюул учрах болно. Эдгээр хүмүүсээс 1 тэрбум орчим нь Гималайн мөсөн голууд татарч ширгэхээс үүдэх хор уршгыг шууд амсах юм. Гималайн мөсөн голууд өөр хаана ч байхгүй хурдацтайгаар хайлж ширгэж байгаа бөгөөд тус сав нутгийн 18000 гаруй мөсөн голын 3/2 нь ширгэн хумигдаж байна. Мөсөн голууд хайлснаас үүдэх эхний үр дагавар бол хүчтэй үер, хөрсний нуралт зэрэг юм. Мөсөн голууд хайлж ширгэх явц үргэлжлэхийн хирээр хур тундасны хэмжээ багасаж ган гачиг тохиож, усны хомсдол бий болно.

4. Далайн үхмэл бүсүүд

Дараагийнх нь бол далайн үхмэл бүсүүд юм. Цаг уурын өөрчлөлт нь далайд үхмэл бүс гэгдэх газруудыг бий болгож байна. Тэдгээр газрын тоо одоо 400 гаруй болжээ. Үүний шалтгаан бол голчлон мал аж ахуйд ашигладаг бордоо далайн усанд орсноос болж хүчилтөрөгчөөр дутмаг орчин үүсдэг бөгөөд хүчилтөрөгч бол амьдралыг тэтгэгч гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.

5. Хэт халалт
Хэт халалт бол бидэнд тулгараад буй бас нэг асуудал. Сүүлийн 10 жилийн дотор манай гаригын түүхэнд урьд өмнө болж байгаагүй халуун жил хоёр ч удаа тохиож байжээ. 2003 онд түүхэнд байгаагүй халууны давлагаа европыг дайрч хэдэн арван мянган хүний амийг авч одсон шүү дээ. Австралийн түүхэн дэх хамгийн том ойн түймэр ч бас хэт халснаас болж гарсан.

6. Салхи Шуурганы давтамж нэмэгдлээ
Дараагийнх бол Салхи шуурга ихсэж байгаа явдал. Хар шуурга, халуун орны хуй салхины хүч, үргэлжлэх хугацаа өнгөрсөн 30 жилийн дотор 100% ихэссэн бөгөөд АНУ-ын Массачусетсийн техник технологийн хүрээлэнгийн эрдэмтэдийн үзэж байгаагаар энэ нь цаг уурын өөрчлөлттэй уялдан далайн дулаан нэмэгдсэнтэй холбоотой аж.

7. Амьтдын төрөл зүйл устах үзэгдэл
Амьтдын төрөл зүйл устах. Амьтдын тоо толгой хорогдож, төрөл зүйлүүд устах явц асар хурдацтай байгааг нэртэй экологичид өөр юутай ч зүйрлүүлж хэлэх аргагүй хэмээжээ. Эрдэмтдийн хийсэн одоогийн тоцоогоор 16000 гаруй ховордсон төрөл зүйл амьтад өмнө бодож байснаас 100 дахин хурдан устаж үгүй болох магадлалтай байна.

8. Хуурайшил ба цөлжилт
Дараа нь ган гачиг ба цөлжилт.
Непал болон Австралид энэ жил дэгдсэн ойн түймэр тархахад гантай байдал ихээр нөлөө үзүүлсэн аж. Үүнд Африкийн хэдэн орныг дурьдвал Сомали, Этопиа, Судан зэрэг улсуудын ард иргэд ган гачигт хүнд нэрвэгдлээ. НҮБ –ын хийсэн судалгаанаас үзэхэд ой модыг их хэмжээгээр огтлох, мал бэлчээх зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь цөлжилтийн гол шалтгаан болдог бөгөөд 100 гаруй орны 1.2 тэрбум гаруй ард иргэдийн амьдралыг эрсдэлд оруулж байна. Дэлхийн томоохон хотууд болох Бээжин, Дели, Бангкок болон АНУ-ын Дундад Өрнөд гэх мэт өөр хэдэн арван газрын доорх цэвэр усны ундарга болон эх булаг хатаж ширгэж байна. Мөн түүнчлэн Ганга, Иордан, Нил, Янцзы зэрэг томоохон гол мөрний усны түвшин жилийн ихэнх үед доогуур байдаг боллоо. Хятадад 50 жилд тохиолдож байгаагүй ган гачиг нүүрлэж багаар бодоход хойд бүсийн 12 муж амин чухал ургацаа алдсан бөгөөд хохирсон тариаланчдад туслахад зориулж улсаас олон тэрбум ам долларыг зарцуулжээ.

9. Хүний эрүүл мэнд
Дараагийнх нь бол эрүүл мэндийн асуудал. Швейцарт хийсэн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс болж жилд 315,000 хүн амиа алдаж, 325 сая хүн түүнээс үүдсэн хор уршгаас болж зовж шаналаж байна. Үүнээс гадна жил бүр 125 тэрбум ам долларын эдийн засгийн хохирол хүлээж байна. Энэ бүхэн Африк дахь хөгжиж буй орнуудад хамгийн хүндээр тусаж байгаа бөгөөд Хойд Азийн болон арлын жижиг орнууд ч бас хохирол амсаж байна.


-Их багш Чин Хайн яаралтай захиас-

http://www.chinghaimongolia.com

Эх сурвалж:

http://news.gogo.mn

Бичсэн: Boloroo | цаг: 11:36 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant